New CD Release July 4th

 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Bookmark and Share

Join Sweetymotion Mailing List

11 сарын 7, 2009
Хагас сайн өдөр. Columbia College-ийн киноны тэнхимийнхэнтэй уулзан ирээдүйд хамтран хийж болох ажил болон харилцан оюутан солилцох боломжийн талаар санал бодлоо солилцов. Танилтай хүн талын чинээ гэдэг дээ. Ямар боломж нээгдэхийг хэн мэдэх билээ...+

11 сарын 3, 2009
Чикаго хотын моделуудын зургаар дагнадаг хэдэн студийн нэг болох GOYKPHOTO студийнхэнтэй уулзалдан CD-нийхээ нэмэлт зургуудын талаар ярилцав.

10 сарын 31, 2009
Halloween. Америкуудын өргөнөөр тэмдэглэдэг энэ баярын бидний хамгийн дуртай хэсэг бол аймшгийн кино үзэж шоколад идэх юм. Бид 3 их аймхайгаа мэдэхгүй аймшгийн кино үзэхийг яанаа:) Нүдээ дараад л үзээд байх нь тэр...

Залуучууд янз бүрийн дүрд хувиран club орох дуртай бөгөөд бид 3 явахаар төлөвлөж байсан боловч гадаа хүйтэн, дээрээс нь ажил ихтэй байсан болохоор ажилаа хийж шоколад чихэрээ идэн студидээ үлдэхээр шийдэв.

10 сарын 30, 2009
Монгол руу утсаар ярьж оройг өнгөрөөлөө. Цагийн зөрөө 12 цаг болохоор Монгол дахь хүмүүсийн ажлын цагаар ярихын тулд энд нилээн орой болгоно гэсэн үг. Нилээдгүй хэдэн продакшныхантай утсаар холбоо бариж, заримтай нь мэссэнжерээр чатлав. Манайхан интэрнет өргөнөөр хэрэглэдэг болсон нь бидний ажлыг маш их хөнгөвчилж байна.

10 сарын 21, 2009
Энэ 10 сарын олон партитай өдрүүдийн нэг. Хааяа ажлаасаа түр чөлөө авч найз нөхөдтэйгээ уулзах зүгээр шүү. Гэхдээ энэ 10 сар дэндүү олон партитай сар болж байнаа. Сарнайгийн төрсөн өдрөөр эхэлсэн. Одоо өшөө Halloween болох гэж байна... Парти, парти, парти.

10 сарын 15, 2009
John нэгэн шинэ дууны санаа гаргаж бүгдээрээ үгэн дээр нь ажиллав. Иймэрхүү гэнэтийн дуунууд хит болдог талтай шүү:)

10 сарын 9, 2009
19 цагт тоглолт эхлэв. Энэ сургуулиас төрөн гарсан бүх нэр бүхий хамтлаг, уран бүтээлчид концертонд оролцож байна. Хамтлагийн маань нэгэн гишүүн Joe мөн манай шинэ цомгийн хоёрдогч продюсер John Steele нар энэ сургуулийг төгссөн учир бид энэ тоглолтод оролцож байгаа юм. Тоглолтын орлого оюутны тэтгэлгийн санд очих бөгөөд тэргүүний сурагчидад энэ сангаас тэтгэлэг авах боломж олддог юм байна.

10 сарын 8, 2009
Happy Birthday UBS MUCIS!!!
Өглөөний 9 цаг. Oak Park - River Forest High School дээр бэлтгэл хийхээр ирэв. Маргааш орой энэ сургуулийг амжилттай төгссөн хүүхдүүдэд зориулсан тэтгэлгийн сангийн хандивийн тоглолт болох бөгөөд сургуулийн хүүхдийн найрал дуу болон найрал хөгжимийнхэн бидэнтэй хамтран тоглоно.

10 сарын 5, 2009
Pressure Point студи. Цомгийнхоо төгсгөлийн шатны миксээ сонсож бага зэргийн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийцгээв. Энэ цомог маань бидний гаргаж байсан цомгуудаас хамгийн их цаг, хөдөлмөр орсон CD болж байна. Олон хүний гар болон сэтгэл оролцож байгаа болохоор бидний удаан хугацааны дараа гаргаж буй энэ уран бүтээл маань сонсогчидын сонсох дуртай цомгуудын нэг болох байхаа гэж найдаж байна.

10 сарын 3, 2009
Happy Birthday Sarnai!!!
Сарнайгийн төрсөн өдөр. Бидний төрсөн өдрөөр Сарнай дандаа гарынхаа нарийн хоолыг хийж баярлуулдаг болохоор гэр бүлийнхэн найзууд нь Сарнайгийн баяраар өөрсдийн нууц жороор хийсэн хоолнуудаар зочидболон төрсөн өдрийн охиныг дайлан баярлуулав. Ойр дотны найзууд болон гэр бүлийн хүрээндээ цомхон тэмдэглэлээ.

10 сарын 1, 2009
Монголын маань урдаа барьдаг хөгжмийн телевиз UBS Music-ийн 10-н жилийн ой болж байгааг тохиолдуулан мэндчилгээ явуулахаар шийдээд сонгосон газар болох Rock n' Roll McDonald's-д өнөөдөр зургаа авлаа. Энэ мэндчилгээ маань UBS Music-ээр нэвтрүүлэгдэх юм. Чикаго хотын төвд байрладаг энэ хотын хамгийн том McDonald's бөгөөд энэ байршилыг сонгосны учир нь гэвэл Rock n' Roll хөгжмийн түүхтэй холбогдуулан баригдсан үзүүлэн бүхий жижиг байшин яг дэргэд нь энэ алдарт түргэн хоолны газрын нэгэн хэсэг болон босгогдсон юм. Тэрхүү үзүүлэнд Rock n' Roll буюу popular хөгжмийн үүсэлд хамгийн их нөлөө үзүүлсэн уран бүтээлчид болох Битлз, Элвис Прэсли, Чак Бэрри нартай холбоотой дурсгалт зүйлс тавигдсан байдаг.

9 сарын 22, 2009
Happy Birthday, Chinbaa!!!
Бидний хайрт найз, түшиг тулгуур, манай хамтлагийн үнэнч продюсер, хосгүй авъяаслаг Чинбаагийн маань төрсөн өдөр. Гэр бүл, дотны найзуудаараа цугларан, шинэхэн гэргий Сарнай нь гарынхаа хоолыг хийж баяраа хамтдаа тэмдэглэв.

9 сарын 16-19, 2009
Нью Йорк. Чинбаа Арета Франклинтай тоглохоор ирэв. Бид хэд энэ тоглолтыг үзэхээр мөн Нью Йорк хоттой тухтай танилцахаар ирчихсэн байж байна. Анхны бөгөөд сүүлчийн удаа ирэхдээ машинтай төөрсөөр байгаад хамаг цагаа алдаж байсан болохоор энэ удаа өмнө нь сайн төлөвлөж ирсэн.

Сүүлийн өдөр буюу 19-нд бидний олон дуунуудын миксийг хийсэн Grammy Award шагналт Stevo-гийн студиэр оров. Stevo, R.Kelly-ийн I Believe I Can Fly дуугаар Грэмми шагнал хүртсэн юм. Хамтран ажиллаж байсан уран бүтээлчидээс нь дурдвал, Britney Spears, Backstreet Boys, Celine Dion, Mary J.Blige, Whitney Houston гэх мэт.

Энэ шинэ цомог маань бидний урьд гаргаж байсан цомгуудаас чанарын хувьд эрс ялгарсан CD болж байгааг тэмдэглэхгүй байхын аргагүй.

9 сарын 9, 2009
Чинбаа, Сарнай хоёр маань албан ёсоор гэр бүл боллоо. Хайртай хоёр найздаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхaн бүхнийг хүсье! Өврөөрөө дүүрэн өрөвгөр хөөрхөн хүүхдүүдтэй болоорой гэж ерөөе!!! -Болороо, Сүндэрээ, John.

9 сарын 1-7, 2009
Бидний дотны найз, хамтран ажилладаг авяъаслаг залуу уран бүтээлч Амираа маань Вашингтон,Д.С.-ээс Чикагод ирж бидний шинэ дууны клипэн дээр ажиллав. Бусад бүх ажлаа түр хойш нь тавиад 24/7 энэ клипэн дээрээ ажиллалаа.

8 сарын 17, 2009
Happy Birthday, Sundre!!!
Сүндэрээгийн төрсөн өдөр. Манай хамтлагийн тамирчин, турьхан Сүндэрээ маань нэг насыг нэмлээ. Заншил ёсоор ойрын хүрээнийхнийхээ дунд сайхан тэмдэглэж өнгөрөөв.

8 сарын 8, 2009
Chicago Bears америк хөл бөмбөгийн багийн төрөлх стадион болох Soldier Field-д дахин тоглолоо. Өнгөрсөн 5 сарын 30-нд мэргэжлийн лакросын улирлын тоглолтын нээлт болж бид тоглосон бөгөөд өнөөдөр энэ улирлын хаалтын тоглолт боллоо. Өдрийн нэг цагт үзэгчид цугларч эхлэх үед бид тайзан дуулж эхлэв. Энэ удаагийн тоглолт харьцангуй богинохон, зөвхөн нэг цаг л үргэлжлэв.

8 сарын 7, 2009
Хуучин амьдардаг байсан Маунт Проспект хотын ойролцоох Сэйнт Зэкаригийн сүмдээр тоглов. Жил бүр болдог энэ зуны наадамд бид нар 3 дахь жилдээ оролцож байгаа юм.

7 сарын 25, 26, 2009
Сарнай, Жан 2 өнгөрсөн 48 цагийн турш видео эвлүүлэг дээр ажиллав. Жоохон хэтрүүлэг байгаа л даа:) Гэхдээ цаад тал нь өдрийн 2 цагт нь л унтсан байх. Тоглоогүй шүү:) Энэ бичлэгээ маргааш Монгол руу явуулах ёстой болохоор манай 2 гүрийгээд дуусгасан юм. Удахгүй та бүхэн цэнхэр дэлгэцээрээ харах байхаа. Ямар видео гэдэг нь одоохондоо нууц:)

7 сарын 23, 2009
Пэлатайн хот дахь “Durty Nellies”-д 101st Rock Division хамтлагтай хамтарсан тоглолтын бичлэг хийлгэхээр дөнгөж ирээд байж байна. Одоо үдийн 12 цаг. Энэ бичлэг маань Америкийн цэргийн баазуудаар тараагдах бөгөөд орон нутгийн телевизүүдээр мөн цацагдах юм. Бидний 101st Rock Division хамтлагтай хамтран хийж буй энэ прожект маань өнөөг хүртэл өөрсдийн тоглолтоо толилуулж буй цэргийн баазуудынхаа тоог нэмэгдүүлэн өөрсдийгөө сурталчлах юм. Энэ хамтлагтай хамтран тоглох нь бидэнд алс хол байлдааны талбарт буй болон Америкт эх орондоо байгаа цэргүүд, зөвхөн америкуудыг бус дэлхийн олон орны иргэдийг хамгаалж буй баатруудад баярлаж талархсанаа илэрхийлэх боломжийг олгодог юм.
Яг нэг жилийн өмнө Springfield хотод концерт тоглож байхад нэгэн америк залуу бидэн рүү “САЙН БАЙНА УУ” хэмээн орилоход нь бид золтой л тайзнаас үсрээд буучихаагүй:) Тоглолтын дараа тэр цэрэгтэй уулзаад танилцахад Иракт монгол залуустай мөр зэрэгцэн тулалдаж байснаа хэлсэн юм. Монголын цэргүүдийн хурдан авхаалжтай, ухаалаг, тэвчээртэй хэмээн магтахад нь эх орныхоо цэргүүдээр мөн их бахархаж билээ.

7 сарын 22, 2009
Өнөөдөр Иллиной мужийн Боулинбрүүк хотын Соёлын Өргөөнд 2 цагийн тоглолт хийв. 101st Rock Division хамтлагтай хамтран тоглосон маань амжилттай молж өнгөрлөө. Иллиной мужийнхаа баруун зүгийн хотууд дундаа л хамгийн том сайхан заалтай, сүүлийн үеийн гэрэл, тоног төхөөрөмжтэй газар байна. Үзэгчид нь үнэн цоглог:) Зуны сайхан лхагва гаригийн орой удаан хараагүй найзуудтайгаа уулзахын зэрэгцээ шинэ үзэгчилийн өмнө тоглоход үнэхээр сайхан байлаа. Уран бүтээлч хүнд амжилттай тоглолт дараахи сэтгэл хангалуун үзэгчдийн талархалын үгсээс үнэтэй шагнал юусан билээ:)

7 сарын 15, 2009
Бид гурав дотны найз, зурагчин, Боббитой таалагдсан газраа зураг авахуулахаар гэрээсээ гарав. Чикагод энэ зун халуун нартай өдрүүд ховорхон байсан болохоор энэ сайхан өдрийг өнгөрөөж боломгүй байв. Урьдчилан төлөвлөөгүй авсан гэхэд санаанд оромгүй гоё зурагнууд гарсан байлаа. Өнгө, уур амьсгал нь тун өвөрмөц. Бид гурав зурагнуудаа харж шилсэнийхээ дараа вэб сайт дээрээ тавина даа. Шинэ цомогтоо оруулж ч тун магадгүй байгаа. Тэр үед нь хараарай, найзуудаа:)

7 сарын 11, 12, 13, 2009
Монголын ард түмний маань үндэсний баяр Наадамын өдрүүд. Гэртээ найзуудаа уриад сайхан монгол хоолнуудаа хийн дайлж баяраа хөгжилтэй өнгөрөөлөө. Бууз, хуушуур, банштай цай гээд бүгдийг нь хийсэн гээд боддоо:) Үнэхээр гоё байсан шүү.

7 сарын 7, 2009
Зуны нарлаг сайхан өдөр болж байна. Өдөржингөө платьны дэлгүүрээр явж “Монгол Улсын Төрийн Дуулал”-ынхаа клип дээр өмсөх хувцасаа хайлаа. Интернэтээр хайж захиалахаар харахад гоё боловч өмсөж үзэх боложгүй болохоор таарахгүй бол нааш нь цааш нь буцааж өгнө авна гэж бас цаг шаардана. Өөрсдийн загвар зохион бүтээгчийн гараас гарахыг хүлээх гэхээр арай л цаг алдах юм шиг санагдаад 3-уулаа Чикаго орчимын хамаг л дэлгүүрээр явж дуусгалаа. Сэтгэлд хүрсэн үнэхээр бүгдэд нь таалагдах плать ганц хоёрхон л байлаа. Маргааш дахин гарч үлдсэн дэлгүүрүүдээр нь оръё гэж яриад сууж байна. Маргааш арай одтой явах байх гэж найдаж байна:)

7 сарын 2, 2009
Өнөөдөр үр бүтээлтэй сайхан өдөр байлаа. Шинэхэн анд видео продюсер, хуульч, өмгөөлөгч Род Пламмертай уулзан ирээдүйд хийгдэх видеонууд болон ерөнхий төлөвлөгөөгөө ярилцаж, өнөөгийн хөгжмийн ертөнцийн талаар санал бодлоо солилцоцгоов. Яриан дундаа манай гэр бүлийн шинэ гишүүн, бидний хайртай гөлөг Бэнжаминээ танилцуултал Род бас яг адилхан охин нохойтой болохоо хэлж нохойнуудаа уулзуулан найз болгоцгоохоор боллоо:) Ямар хөөрхөн амьтан байгаа бол? Родын ярьсанаар бол их л ихэмсэг охин гэнэ хэ хэ хэ. Манай Бэнжаминыг тоох болов уу?:)

7 сарын 1, 2009
Бүжгийн бэлтгэл. “Өөрөө чамаас явлаа” дууныхаа клипний бүжгэн дээр өнөөдөр ажиллаж эхэллээ. Бидний хийдэг бүжгийн хөдөлнөөнүүдийг бодвол харьцангуй хэцүү байсан болоод ч тэрүү маргааш нь хамаг бие маань нил хөндүүр болчихсон байсан. Шинэ, өөр хөдөлгөөнүүд сурч байсан болохоор тухайн үедээ хэцүү байсан ч тоохгүй хийгээд байсан гэж байгаа:) Бид нар сонирхолтой, бидний чадварыг шалгасан зүйлсийг хийх дуртай болохоор халширахаасаа илүү сурна гээд л гүрийчихсэн:)

6 сарын 27, 2009
Сарнай Чикагодоо өнөө өглөө буцаж ирлээ. Өнөө ороныхоо тоглолтонд бэлдэж байна. “6Westgate” хамтлагтай Shark City гэдэг газар тоглох юм. Чикагод анх ирсэн цагаас нөхөрлөсөн бидний дотны найз Ричард энэ хамтлагт цохилуур хөгжим тоглодог бөгөөд биднийг хамтран тоглохыг хүссэн юм.

6 сарын 26, 2009
Сарнай Лос Анжелес хот руу Чинбаагийн тоглолтыг үзэхээр хамтдаа явсан. Чинбаа маань Арета Франклинтай Лос Анжелест төдийгүй Америкт алдартай Hollywood Bowl-д тоглож байгаа юм. Сонирхуулж хэлэхэд энэ тоглолт дээр бидний хайртай жүжигчин Халле Бэрри тайзан дээр Чинбаагаас хоёрхон алхамын зайтай зогсож Соул хөгжмийн хатан хаанд өвдөг сөгдөн хүндэтгэл илэрхийлсэн гэсэн шүү.

6 сарын 21, 2009
Бидний хөөрхөн дүү Зоуи Цогзолмаа Сенаг адислах ёслол сүмд болов. Бид гурав “Бүүвэйл Хорвоо”-г гурван хоолой салган дууллаа. Хэдийгээр ирсэн зочидийн ихэнх нь америкууд байсан боловч энэ бүүвэйн дууны Чинбаагийн найруулгад их дуртай байсан. Чинбаа 2 хоногийн өмнө Лас Вегас хот руу Арета Франклинтай тоглолтоор явахаасаа өмнө бидэнд найруулж өгсөн юм. 15 минутын дотор л хийгээд дуусчихаж байгаа юм чинь, авъяасаар нь бахархахаас өөр яах билээ:)

6 сарын 18, 2009
Бэлтгэлийн өдөр. Ирж буй долоо хоногт болох “6Westgate” хамтлагтай хамтарсан тоглолтондоо бэлдэв. 6 авъяаслаг, хөгжилтэй залуусаас бүрдсэн энэ хамтлагийнхантай хамтран дуулж байгаа дуунуудын нэг нь Америкийн алдарт Journey хамтлагийн “Separate Ways” юм. Басс гитарчин нь дууны нэг хэсгийг буруу тоглож байсныг Сарнай зааж өгч, Болороо бос даралтат хөгжимчинд нь эхлэлийн хэсгийн гоцлолыг тоглож үзүүлэх хэрэг гарав. Хөгжим Бүжгийн Сургуульд сурсан мэдсэн маань үргэлж л хэрэг болох юмдаа.

6 сарын 13, 2009
Студид өнжин Монгол Улсын төрийн дууллынхаа миксинг дээр ажиллацгааж байна. Үнэхээр сайхан сонсогдож эхэлж байна. Жаныг миксингээ хийж байх хооронд бид гурав энэ дуундаа зориулсан клипнийхээ талаар ярилцлаа. Монголын аль нэг продакшнтай хамтарч хийвэл зүгээр байх гэж бодов.

6 сарын 11, 2009
Шоколадны өдөр! Болороо, Сүндэрээ хоёр аварга том шоколад авчирч хүмүүсийн нарыг гаргалаа. Идсэнийхээ дараа бүгдээрээ урамтайгаар ажилдаа буцан орцгоов. Ер нь үе үе авчирч баймаар юм байна. Бүгдээрээ шоколаданд дуртайг хэлэх үү, идсэнийхээ дараа ажилдаа шамдаж байна ч гэж жигтэйхэн ха ха ха.

6 сарын 10, 2009
Компьютер дээр өнжсөн өдөр байлаа. Фэнүүд, сонсогчидоосоо ирсэн и-мэйл, санал хүсэлтүүдэд хариу бичицгээв. Вэб сайтаа гаргаснаас эхлэн энэ ажилдаа бид гурав өдөр болгон тодорхой хэмжээний цаг зарцуулдаг юм. Бидний өдөр тутмын төлөвлөгөөнд орсон байдаг. Үнэнийг хэлэхэд бидний хамгийн дуртай ажил байхгүй юу:)

6 сарын 7, 2009
Өнөөдөр бид гурав Чинбаатайгаа Монгол Улсынхаа төрийн дууллыг бахархалтайгаар дуулан бичүүллээ. Маш олон жилийн турш бодож явсан хүсэл маань ийнхүү биеллээ. Продюсер Чинбаа маань бүтэн оркестр тоглуулан гайхамшигтай сайхан найруулга хийсэн юм. Эх орныхоо төрийн дууллыг дуулахаас бага зэрэг сүрдэж эмээж, бас бахархаж байлаа. Монголын ирээдүй болсон залуучууд бид төрийн дууллаа дуулсанаар бидний үеийн, бидний ирээдүйн хүүхэд залуус төрийн дууллаа мэддэг, дуулдаг мөн бахархдаг байгаасай, цаашлаад Монголын иргэн бүр төрийн дууллаа мэддэг болоосой гэж бид хүсч, зорьж байгаа юм. Наадам, спортын тэмцээнүүд дээрээ бүгд даган дуулах хувилбарыг бид дөрөв бий болгохыг бас хүссэн юм. Энэ дуу маань эх оронч нутаг нэгтнүүдийн маань дуртай дууны нэг болно гэж найдаж байна.

6 сарын 6, 2009
Шинэ цомгийнхоо хамгийн анхны клипны зураг авалтад бэлдэхээр эртлэн бослоо. Бид бүгд үүрийн 5 цагт босцгоов. Жан харин урд шөнө унталгүй бэлдсээр өглөөний 7 цагт унтаж 30 минутын л нойр авсан. Госпел сүм дээр бид бүгд 9:30-10:00 цагийн хооронд цугларцгаалаа. Зураг авалт 6 цаг зогсолтгүй үргэлжилсэн бөгөөд дуучид, хөгжимчид маань маш тэвчээртэй, ажиллахад урамтай байлаа. Энэ сүмийн номлогч Рэй их өгөөмөр сэтгэл гарган бидэнд сүмдээ зураг авах боломжийг бүрдүүлэн тусласан юм. Энэ клипийн зураг авалтад оролцсон, тусласан бүх дуучид, хөгжимчид, зураг авалтын хамт олондоо бид гурав чинь маш их баярлаж талархсанаа илэрхийлье.

6 сарын 1, 2009
Эх үрсийн баярын өдөр. Бүх эхчүүд, хүүхдүүддээ баярын мэнд хүргэе! Ээж аавдаа хөтлүүлээд хүүхдийн парк ордог байсан маань саяхан юм шиг л санагдаж байна. Алсыг харагч, гинж гээд хэдхэн тоглоом дээр нь тоглох гэж урт дараалалд уйгагүй зогсдог байж билээ. Өвөлжингөө хүлээсэн болохоор халуун наранд хүлээж зогсох юу ч биш байдагсан. Энэ баярын өдрийн тухай үлдсэн хамгийн гоё дурсамж тэр юм даа.

5 сарын 30, 2009
Soldier Field дээр өглөөний 10 цагийн үед цугларлаа. Цаг агаарын мэдээгээр их дулаахан байна гэхээр нь нимгэн хувцаслаад ирчихсэн чинь хөлдөж үхэх дөхлөө :) энэ стадион Мичиган нуурын эргэ дээр байрладаг болохоор өглөө оройдоо сэрүүхэн, ихэнхдээ салхитай байдаг юм. Гэхдээ зун болж байхад хүйтэн биш байх гэж бодсон чинь гэнэдсэн байна:) Үд дундын алдад харин нилээн халж эхэлж бидний нар гарав. Бид нийтдээ 1 цагийн тоглолт хийсэн юм. Мэргэжлийн лакросын улирлын нээлтийн тоглолт болж байгаа бөгөөд тэмцээнийг үзэхээр ирж буй хүмүүсийн орж ирэх төв хаалган дээр тоглолоо. Ойролцоогоор 20.000 хүн ирсэн. АНУ-ын цэргийн баазуудаар тоглож байхдаа танилцсан зарим найзууд маань Чикагод буцан ирсэн байж таараад бидний тоглолтыг мөн тэмцээнийг ирж сонирхлоо.

5 сарын 28, 2009
Бэлтгэлийн өдөр. Бид 3 үдийн 2 цагийн үед уулзаад өдрийн хоолоо идчихээд бэлтгэлээ хийхээр Адисон руу явав. Бэлтгэл дээрээ голчлон дуунуудыхаа арын хоолой, гоцлолуудаа давтацгаав. Ерөнхийдөө бэлтгэл иймэрхүү маягаар явагддаг юм л даа. Орой Доунэрс Грөүв рүү бүрэн хамтлагтай бэлтгэл хийсэн. Энэ удаагийн бэлтгэлээ бид энэ сарын 30нд Чикагогийн Soldier Field стадионд болох тоглолтдоо бэлдэж байгаа юм. Индианчуудын үндэсний сдорт гэгддэг Лакросын мэргэжлийн нээлтийн тоглолт болж байгаа бөгөөд дор хаяж арваас хорин мянган хүмүүс ирэх байх гэж зохион байгуулагчид бэлтгэж байна. Хааяада Рок & Ролл тоглолт хийх гоё шүү.

5 сарын 25, 2009
Бид 3 Жантай хамт “Giddy Up”-ийн шинэ хоолойн дээр ажиллацгаав. Бичүүлж дуусаад удахгүй вэб сайт дээрээ хэсгээс нь тавьнаа.

5 сарын 22, 23, 2009
Продюсер Чинбаа, Жан хоёр маань бидний рэпчин Jargon-той хамтран дуулж байгаа “Giddy Up” шинэ дууны аранжировк дээр ажиллаа.

5 сарын 21, 2009
Чикагогийн Жааз Ансамблийн трубачин Ларри Боуэн бидний “Зүүдлээрэй” дуун дээр тогдож бичлэг хийлгэлээ. Гайхамшигтай авъяастай хөгжимчин . Майлз Дэйвс шиг л авсан шүү :)

5 сарын 14, 15, 2009
“Эрхэм Сэтгэл” дууныхаа микс дээр үргэлжлүүлэн ажиллаа. Бид энэ дуун дээрээ бусад дуунаасаа илүү их цаг зарсан гэж хэлэхэд болно. Маш олон уран бүтээлчдийг хамарсан дуу болж байгаа юм. Чикагогийн госпел найрал дуучид арын хоолойг нь дуулсан энэ дуун дээрээ удахгүй клип хийлгэхээр зэхэж байна.

5 сарын 7, 2009
Манай продюсер Чинбаа, Жан хоёр бэлтгэл дээр ирж бид хамтдаа дуунуудаа зөвхөн гитар, төгөлдөр хууртай давтав. Ирээдүйн unplugged тоглолтдоо бэлдэж эхлэж байгаа юм л даа.

5 сарын 4, 2009
Өнөөдөр Сүндэрээ жижигхэн аалзанд золтой бариулчихсангүй ха ха ха. Бид гурав компьютер дээр ажиллаж байсан чинь ширээн дээр жижигхэн аалз явж байдаг байнашт. Одоо бодоод байхад хөөрхий аалзхан бидэнтэй найз л болох гээд байсийм байна:)

5 сарын 1, 2009
Зуны дэлгэр цаг ирлээ. Чикагогийн цаг агаар Монголын маань цаг агаартай тун адилхан шүү. Заримдаа Монголдоо байгаа юм шиг санагдана гээч. Энд Монголыг бодвол арай чийглэг, заримдаа бүгчим л юм даа. Бусдаар ч бол тун адил шүү.

4 сарын 30, 2009
Өнөөдөр үнэхээр хөгжилтэй, сонирхолтой өдөр байлаа. Монгол, Япон, Англи хэл дээр бичүүлсэн дуунуудаа ээлжлэн давтсан чинь үгнүүдийг холиод бид гурав элгээ хөштөл инээлдэв.Хамгийн эхлээд “Хайрын замд”-ыг Япон дээр дуулсан чинь Болороо дахилтаа Англиар, Сүндрээ санасан хэсгээ Японоор санадаггүй хэсгээ Монголоор дуулсан гэж байгаа. Сарнай энэ гурван хэлийг холиод өөрийн гэсэн хэл зохиогоод дуулах шиг болно лээ ха ха ха. Ингэж гэдсээ өвдөж, сөхөрч унатлаа инээгээгүй маш удсан байналээ шүү. Хөгжим Бүжигийн Дунд Сургуульд явдаг жоохон охидууд байхдаа тэгж их инээдэг байсан. Гүйээ, бодоод байсан чинь бид нар одоо ч гэсэн жоохон охид хэвээрээ юм байна ш дээ. Үүрд жоохон охидууд!!! :)

4 сарын 27, 2009
Ямар урт, хэцүү бэлтгэл байваа. Олон цагийн турш дуунуудынхаа хоолойн дээр ажиллаад бүгд ядарсан гэж юүхэв. Орой гэртээ ирээд манай нэг продюсер Жаны дуртай хоол талх усыг нь хийж өгөв. Ха ха ха, тоглосон юм. Сарнай маань гарынхаа Итали хоолыг хийж биднийг баярлуулсан юм, үнэндээ.

4 сарын 24, 2009
Болороодоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Бид нар дотны найзуудынхаа хүрээд жижигхэн цугларалт хийв. Бидний хэдэн охид дэлгүүр дүүргэмээр их шоколад идээд пологтсондоо болоод төлөвлөж байсан шөнийн клуб рүүгээ явж чадсангүй. Уул нь бид явсан бол party бүр л гоё байх байсан даа гэж...:-) За яахав дараа жилдээ хадгалчихъя.

4 сарын 21, 2009
Бидний хөөрхөн гөлөг Бэнжамин одоо ид сахилгагүй, зүггүй насан дээрээ байх шиг байна. Өнөөдөр Жоны чихэвчнээс зулгаагаад, булааж авах гэж их оролдлоо... Бидний Госпел дууг сонсмоор байсан юм шиг байна :)

4 сарын 19, 2009
Өдөржингөө Чикаго хотоор шинэ видеонуудынхаа зургийг авч болох сонирхолтой газруудыг хайж явлаа. Үнэхээр сайхан хот шүү. Зөндөө олон сонирхолтой газрууд олсон. Зураг авах газраа тогтчихвол twitter дээрээ бичнээ. Чикагод байдаг хүмүүс завтай бол ирж сонирхож болно шүү.

4 сарын 16, 2009
“Pressure Point Recording Studios”-д “Аргалд явсан ижий” дууны бөмбөрийн бичлэгийг хийв. Бөмбөрчин Роб маань үнэхээр сайн тоглосон шүү.

4 сарын 12, 2009
Улаан өндөгний баяр. Бидний найз Жером биднийг улаан өндөгний баярын сүмийн хуралд урив. Сүрлэг, хүчирхэг найрал дуу, чадварлаг дуучдын тоглолт - Госпел хөгжим сонсоход өөрийн эрхгүй нурууны үс босч байлаа. Бидний шинэ уран бүтээл “Sweetymotion” цомгоос Госпел хөгжмийн өнгө аяс орсон дууг та бүхэн сонсох болно.

4 сарын 10, 2009
Маш завгүй өдөр байлаа. “Top Secret Recording Studio”-д Jargon-той хамтран дуулсан “Revvin' It Up” дууныхаа микс дээр Чинбаа, Жон-той ажиллаж өнжлөө.

4 сарын 7, 2009
Колумбиа Коллеж дээр бага хэмжээний тоглолт хийв. Олон улсын оюутнуудын “World Enigma” урлагийн болон дүрслэх урлагийн үзэсгэлэн, концерт болсон юм.

4 сарын 3, 2009
Сарнай, Чинбаа хоёр Soul хөгжмийн Хатан Хаан, “Rolling Stone” сэтгүүлийн судалгаагаар Шилдэгийн Шилдэг дуучнаар шалгарсан Арета Франклинтай өнөөдөр уулзлаа. Чинбаа тоглолтонд нь төгөлдөр хуурчаар оролцсон юм. Зураг болон видеог үзээрэй!

3 сарын 30, 2009
Вэбсайтаа нээлээ. Олон шөнийн нойроо хасаж хийсэн хөдөлмөрөө эргээд харахаар бахархмаар байна шүү:) Амираадаа баярлалаа. Та бүхний орох дуртай сайт болно гэж найдаж байна.

3 сарын 27, 2009
SweetYmotion.com-ийн TV рекламыг хийж шөнөжин нойргүй хонолоо.

3 сарын 26, 2009
Монголын телевизүүдэд зориулсан ярилцлагаа хийхээр Мичиган гудамжаар алхаж явав. Гэтэл хоёр танихгүй хүн гудамжинд биднийг дуудан зогсоож хамтран ажиллах гэрээ хийхийг санал болгов. Хамгийн сонирхолтой нь тэр хүмүүс хамтдаа биш дараалан тааралдсан юм.

3 сарын 24, 2009
Бид SweetYmotion-той оройн зоогцувралынхаа анхны ангийн зургийг авлаа – Энэ цувралдаа бид фэнүүд, найзууд мөн гэр бүлийнхнээсээ зочноор сонгон тэдэнд зориулан оройн зоог хийж өгөх юм. Хамгийн анхны цувралдаа бид Steele-ийн гэр бүлийнхнийг сонгон бууз, хууушуур, нийслэл салад мөн Сарнайгийн тусгай жороор хийгдсэн Франц маягийн тахиагаар дайлсан. Бид цаашид өөрсдийн тусгай жороо олон хүмүүстэй хуваалцан, амттай хоолоороо дайлахыг тэсэн ядан хүлээж байна.

3 сарын 15, 2009
Бидний дотны анд Мөнхөө маань саяхан хорвоогийн мөнх бусыг үзүүлж биднийг орхин одсон билээ. Чикаго орчимд ажиллаж амьдардаг Хөгжим Бүжгийн Коллеж төгссөн хөгжимчид цугларан дурсамжийн концерт өнөөдөр хийж байна. Анддаа болон гэр бүлийнхэнд нь зориулж шинэ уран бүтээлээсээ дууллаа.

3 сарын 8, 2009
Бэлтгэлийн өдөр. 3 сарын 15-нд нэг тоглолттой, түүндээ бэлдэж байна.

3 сарын 6, 2009
Сүндэрээ дүүрэн устай шилэн аяга барьж явж байгаад шалан дээр унагаагаад өрөөгөөр дүүрэн ус, шил болгочихлоо. Болороо яг өрөөнд орж ирэхэд нь болгоожтой байгаарай гээд хэлээд байсныг яана. Жон жоготой жуумалзаад л суугаад байна. Сүндэрээ яг нэг хоч авах нь л дээ..

3 сарын 3, 2009
Өнөөдөр Сүндэрээ шатнаас бүдэрч унав. Гэхдээ гэмтээгүй, азтай...

2 сарын 24, 2009
Цагаан сар. Чинбаагийн эгч Гэгигийнд бүгдээрээ шинэлэлээ. Бидэн дундаа хамгийн ахмад нь болохоор жил болгон хамгийн түрүүнд очиж золгодог юм. Монгол хоолоо идэх сайхан шүү!!!

2 сарын 12, 2009
Ollie Ollie Oxen” дууны микс дээр Жонтой ажиллаж байна. Өнөөдөр Чикагод хөлдмөөр хүйтэн байна. Ямар азаар студи дотор, дулаан газар өдөржин өнжиж байна вэ.

2 сарын 10, 2009
Амираатай өдөржингөө утсаар нааш цааш ярьж өнжлөө. Шинэ вэбсайтын талаар...

2 сарын 2, 2009
“Амин охин” дууны микс дээр ажиллаж байна.

1 сарын 30, 2009
Ажилдаа буцаж орлоо. Ракс Тракс Студи дээр “Хайрын замд” дууныхаа нэмэлт хоолойг бичүүлж байна.

1 сарын 25, 2009
Норт Кэролайнагийн Ашвил хотод байдаг Билтмор цамхагийг үзэхээр очлоо. Америкийн хамгийн том хувийн байшин юм байна. Үнэхээр үзэсгэлэнтэй. Сиси гүнжийн ордон шиг...

1 сарын 24, 2009
Юмаа баглаад гэрийн зүг гарлаа... Хүйтэн газар луу... Энэ дулаахан цаг агаарыг санах байх даа, эндээс явмааргүй л байна. Гэхдээ гэртээ буцаж очоод монгол дуунуудаа бичүүлж дуусгах хэрэгтэй.
22:00. Скоттын аав, ээжийнд замдаа зогслоо.

1 сарын 23, 2009
Бичлэгийн хамгийн сүүлчийн өдөр. Одоогийн байдлаар “Өөрөө чамаас явлаа”, “Хайрын замд”, “Амин охин” гэсэн дуунуудаа япон хэл дээр бичүүлж дууссан. Ярьж чаддаггүй хэлээрээ дуулаад бичүүлсэн гээд бодохоор гоё ч юм шиг. Амар байгаагүй шүү. Удахгүй ус цас болноо... Бидний япон найзууд сонсоод их сайн байна гэсэн. Та нар сонсоод санаа бодлоо бичээрэй. Удахгүй вэбсайт дээрээ энэ дуунуудаа тавина.
Бид өшөө “On my way”, “Ollie Ollie Oxen, ''Show me” зэрэг шинэ дуунуудаа англи хэл дээр бичүүлээд амжсан шүү.

1 сарын 20, 2009
Дахин нэг зураг авалт. Энэ удаагийн зураг бол цомгийн маань плакатанд зориулагдсан юм. Та нар номноос нь салгаж аваад ханандаа наагаарай!
Бид 3 зураг авалтанд их дуртай. Ер нь бүх л охидууд гоёж гоодох дуртай байх шүү.

1 сарын 15, 2009
Өнөөдөр өдөржингөө Hi5, Myspace, Facebook сайтууд дээр ажиллалаа. Эдгээр сайтуудаараа дамжуулан найзууд болон фэнүүдтэйгээ холбогдож, та нартаа өөрсдийхөө талаар мэдээлэл хүргэж, холбоотой байх болсондоо маш их баяртай байна. Хэрвээ бидэнтэй найз болчихсон бол үе үе мэнд мэдэж байгаарай! Хэрвээ шинээр элсч байгаа бол бидэнтэй найз болоорой!

1 сарын 12, 2009
Зураг авалтын өдөр. Өглөөний 6:00. “Sweetymotion” цомгийнхоо нэг зургийг авахуулах гэж байна.
19:00. Зураг авалт тун дажгүй боллоо. Зурган дээрээ далайн эрэг дээр савангийн хөөс үлээн тоглож байгаагаар авахуулсан. Бага нас маань эргээд ирэх шиг л боллоо. Хамгийн сүүлийн зураг дээр далайн том давалгаа бүрхэж орж ирээд хамаг хувцас норгочихсон. Хөгжилтэй байсан шүү.

1 сарын 10,11, 2009
Бичлэг, бичлэг, бичлэг... Гэхдээ бид өглөө эрт босч далайн эргээр алхаж бас гүйсэн шүү.

1 сарын 9, 2009
17:00. Студиэ босгож дууслаа. Сэтгэл ерөөсөө тогтохгүй нь ээ, гараад ус руу үсэрчихмээр л байна. Гэхдээ бичлэгээ эхлэхээс өөр аргагүй.

1 сарын 8, 2009
Дахиад замдаа гарлаа. Өнгөрсөн шөнө үүрийн 5 цаг хүртэл жолоодоод Жеоржиа мужийн Атланта хотод хоноглосон. Чикаготой харьцуулбал хамаагүй дулаахан байна. Гадаа 18 хэм байна. Флоридад дор хаяж 25 хэм байгаа даа...
24:00. Хүрэх газраа дөнгөж сая ирлээ. Саут Палм Бийчийн эрэг дээрх байрандаа төвхнөж байна. Хамаг хүч барагджээ, унтлагын цаг!!!

1 сарын 7, 2009
Чикагогийн зузаан цас, хүйтэн салхинаас холдож Флоридагийн наранд шарахаар чемоданаа баглаад гарлаа.
22:00. Бид өдөржин жолоодсоор Кэнтакид ирлээ. Цаг агаар дулаарч эхэлж байна. Дулаан газар очиж, далайн усанд шумбахыг тэсч ядан хүлээнэ. Үнэндээ бол энэ гурван долоо хоногийг ажилдаа зарцуулах ёстой л доо. Бид нар амралтын өдрүүдээ ашиглан дуунуудаа япон дээр дуулж бичүүлэхээр шийдсийм. Өө нээрээ, Кэнтакигийн шарсан тахианы далавч Чикагод байдгаас арай өөр амттай байна шүү.

v1.0

Back to Top

 

Hi5Hi5 Twitter Facebook Visit Us On Copytight 2009 Privacy Terms and Conditions MP3 and CD Albums available here Site Design By Amirdash Studio